Дэлхий дээр нийт хэдэн мэргэжил байдаг вэ? Энэ асуултын хариуг хэн ч тодорхой хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл дэлхийн өнцөг булан бүрд байнга шинэ ажлын талбар бий болж, үйлдвэрлэлийн технологи хөгжиж байгаа учраас ажил мэргэжлийн төрөл ч тасралтгүй нэмэгдсээр байна.
Сонгосон мэргэжил нь хүний амьдралын чанар, ирээдүйг бүхэлд нь тодорхойлох учир өөрт тохирсон мэргэжлээ олж сонгох нь маш чухал.
Өмнөх нийтлэлд дурдсанчлан хүн өөрийн сонирхол, үнэт зүйл болон ур чадварт суурилж карьераа сонговол ажлаасаа авах сэтгэл ханамж хийгээд үр шим их байх болно. Мөн хувийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд ч тодорхой хэмжээнд нөлөөлнө гэдгийг санаарай.
Өөрт тохирох мэргэжлийг олохын тулд юуны өмнө хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн хандлагыг судлах шаардлагатай. Мөн үүнийг лавшруулаад өөрийнхөө сонирхож буй мэргэжлүүдийн талаар судлах нь өөртөө тохиромжгүй мэргэжил сонгох эрсдлийг бууруулна.
Одоо мэргэжил, ажлын байрны талаар хэрхэн судлах, хаанаас эхлэхээ олж мэдэцгээе.
Мэргэжлийн талаар судлах аргууд
Мэргэжлийн тухай, Монголд
Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт
2010 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Монгол улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг (ҮАМАТ-08) боловсруулж, ном болгон гаргасан байдаг. Ингэхдээ Олон улсын ажил, мэргэжлийн стандарт ангилалтай (ISCO-08) нийцүүлжээ. Уг номд манай улсад бүртгэлтэй 421 ажил, мэргэжлийн тодорхойлолт, гүйцэтгэх үүргийн талаарх мэдээлэл бий.
Та уг номыг дараах холбоосоор орж үнэ төлбөргүй татан авах боломжтой:
https://mlsp.gov.mn/uploads/files/7750e3800c5acef55308318c7a4b1567cb21978a.pdf
Олон ажил, мэргэжлийн тухай мэдээлэл агуулсан энэхүү ном нэлээд зузаан. Гэхдээ ажил, мэргэжлүүдийг нарийн ангилж кодолсон учраас сонирхож буй ажил, мэргэжлээ хайж олоход төдийлөн их хугацаа шаардахгүй. Мөн сонирхож буй ажил, мэргэжилтэйгээ төстэй ажил, мэргэжлүүдийг шинээр олж мэдэж болох юм. Олон сонголттой байна гэдэг үргэлж давуу тал үүсгэдэг билээ.
“Мэргэжлийн цагаан толгой” подкаст
Цогц Хөгжлийн Үндэсний Төв төрийн бус байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй “Шилдэг мэргэжил гэж байдаггүй, шилдэг мэргэжилтэн гэж байдаг” хэмээх уриатай уг подкаст 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сонсогчдын хүртээл болжээ. Дугаар болгонд өөр мэргэжлийн талаар танилцуулдаг бөгөөд тухайн салбарын мэргэжилтэн оролцдог онцлогтой. Та уг подкастыг сонссоноор Монгол Улс дахь ажил мэргэжлийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ. Нийт 45 дугаар цацагдаад буй.
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын цахим үйлчилгээ
Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар ба Монголын Ажил Мэргэжлийн Мэргэшсэн Зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулсан юм. Энэхүү аян өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.
Та тус хөтөлбөрийн нэг хэсэг болох “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын цахим үйлчилгээг авахыг хүсвэл Фэйсбүүк хуудсаар нь холбогдоорой.
https://www.facebook.com/profile.php?id=100086027575274
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын цахим үйлчилгээнд хамрагдсанаар:
Mergejil.mn – Сургалтын төвүүдийн нэгдсэн сан
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институтийн албан ёсны mergejil.mn вэбсайтад зочилж манай улсад үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагуудын мэдээллийг авах боломжтой. Нийт 1119 сургалтын байгууллага уг санд нэгдээд байгаа бөгөөд үүнээс 518 нь мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байна.
Мөн та mergejil.mn вэбсайтаас монгол улсын өнцөг булан бүрд явагдаж буй сургалтуудын талаар мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой аж.
Уламжлалт, баталгаатай эх сурвалж – Ном
Та дараах номуудаас ажил мэргэжлүүдийн онцлог, тэдгээрт шаардагдах чадварын талаар олж мэдэх боломжтой.
“Мэргэжил гарын авлага: Ирээдүйгээ төлөвлөхөд туслах хамгийн шилдэг хөтөч”
Их Британийн “Dorling Kindersley Limited” хэвлэлийн компанийн эрхлэн гаргасан уг бүтээл 2021 онд монгол хэлнээ хэвлэгджээ. Орчуулагч Б.Халиунаагийн уг бүтээл мэргэжлээ сонгож буй шинэхэн төгсөгч эсвэл мэргэжлээ солихоор шийдсэн хэн бүхэнд зориулагдсан юм.
Сошиал медиа, мэдээллийн технологийн салбараас эхлээд архитектур, зоогийн газар, анагаах ухаан, шинжлэх ухаан, хууль эрх зүй, байгаль орчин зэрэг бүхий л салбарын 400 гаруй ажил мэргэжлийг энэхүү гарын авлага дэлгэрэнгүй танилцуулах болно.
Мэргэжлээ сонгох нь: Ажил мэргэжил сонголтын гарын авлага
2013 онд Соёмбо принтинг компаниас хэвлэн гаргасан энэхүү ном зохиолч Д.Гомбо, редактор Д.Цэдэв, Я.Бямбасүрэн нарын бүтээл юм. "Би ямар ажил мэргэжил эзэмшвэл амжилтад хүрэх вэ?", "Би юуг илүү сайн хийж чадах вэ?", "Би юуг хүсэж сонирхож байна вэ? зэрэг асуултын хариултыг та энэхүү номоос олох болно.
"Мэргэжлээ сонгох нь" ном танд:
Мэргэжлээ сонгох уу? Мэргэжилд сонгогдох уу?
2010 онд хэвлэгдсэн зохиолч О.Оюунтунгалагийн уг бүтээл
Давуу талдаа суурилан мэргэжлээ сонгохуй
2016 онд хэвлэгдсэн П.Бямбасүрэн, Д.Сүрэнчимэг зохиолчтой энэхүү ном ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчдад амьдрал хэмээх далайд хөл тавихад юуны түрүүнд бие хүн болж төлөвшиж бэлтгэгдсэн байхад туслах зорилготой. Та хувь хүн болж төлөвших, гадаад орчинд дасан зохицох, харилцаанд суралцах, нийгэмших, мөн тасралтгүй хөгжихийн ач холбогдлыг энэ номоос ойлгож авах болно. Та хэн байх вэ? Хэн байхыг хүсэж байна вэ? гэдэг асуултад хариулт олохыг хүсвэл энэ номыг уншаарай.
Эдгээр номуудыг та номын дэлгүүр болон номын сангуудаас авч унших боломжтой.
Дадлага, дадлага бас дахин дадлага
Сургуулиа төгсөөд ажилд оръё гэтэл туршлага гэдэг “хана” залуусын өмнө босож ирдэг. Ажил хийж байж хуримтлуулдаг зүйлийг ажилд орохоосоо өмнө өөртөө яаж шингээх вэ? Энэ ойлгомжгүй сорилтыг давахад тань нэгэн хэрэгсэл тус болно. Энэ бол дадлага. Дадлага хийхдээ анхаарлаа сайн төвлөрүүлж, шинээр мэдлэг бас туршлага бүтээх үндсэн зорилгоо мартахгүй байхад л эхний ээлжид хангалттай. Харин хаана дадлага хийх вэ гэсэн төвөгтэй асуултад дараах хувилбаруудыг санал болгоё.
Ихэнх дадлагын хөтөлбөрт сонгогдох өрсөлдөөн ширүүн байдаг учраас эртнээс бэлдэж, аль болох олон хөтөлбөрт материалаа илгээх хэрэгтэй. Үүн дээр нэмээд CV, тодорхойлох захидал ба шаардлагатай бичиг баримтаа ч цэгцтэй байлгавал таны дадлага хийх боломж нэмэгдэнэ.
Ажлын байранд асуудалгүй нэвтрэх тийз ерөнхийдөө энэ юм шүү дээ. Амжилт.