Энэ удаагийн нийтлэлээр хүмүүс бидний мэргэжил сонголтод, цаашлаад амьдралд хүчтэй нөлөөлдөг хоёр хүчин зүйлийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Сонирхол гэж юу вэ?
Хүмүүс бидний бие биеэсээ ялгардаг зүйлсийг нэрлэвэл гадаад төрх, зан төлөвөөс эхлээд урт жагсаалт үргэлжилнэ. Энэ дунд томоохон байр суурийг эзлэх нэгэн зүйл бол сонирхол юм. Жишээлбэл, гадаа тоглож байгаад эвдэрхий цаг олсон хоёр хүүхдийн нэг нь тухайн цагны гаднах загварыг сонирхож эхлэхэд нөгөө нь цагийг задалж үзэхээр ухасхийж байгаа нь сонирхлын ялгааг харуулж байгаа хэрэг.
Эрдэмтэд сонирхлыг олон талаас нь судалж, тайлбарладаг ч бид ерөнхийдөө хоёр хандлагад хуваадаг аж. Үүнд:
Сонирхлыг сэтгэлзүйн төлөв байдал гэж үздэг эрдэмтдийн хувьд сонирхол бол нөхцөл байдлаас хамаардаг зүйл юм. Тэд ямар нэг даалгавар, гадаад орчинтой холбогдон үүсэж болох сонирхох, татагдах болон таашаал авах гэсэн түр зуурын мэдрэмжүүдээс сонирхол үүсдэг гэж үздэг. Үүн дээр нэмээд тухайн орчин нөхцөл, даалгаврын ач холбогдол, үнэ цэнийг хэрхэн үнэлж байгаагаас хамаарч сонирхол бүрэлддэг байна. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) San Antonio Spurs багийн домогт тоглогч Тим Данканд тохиолдсон явдлыг дурсаж болох юм. Хюго нэртэй хар салхинаас болж гэрийнх нь ойролцоо байсан усан сан сүйрснээс болоод л тэрбээр сагсан бөмбөг тоглох сонирхолтой болж, улмаар дэлхийн шилдгүүдийн нэг болсон билээ.
Нөгөө талаар зарим эрдэмтэд хүний төрөлхийн буюу гентэй уялдан нөхцөл байдал, цаг хугацааны явцад хувийн сонирхол бүрэлддэг гэж үздэг. Үүнийг батлах мэт нэгэн сонирхолтой түүх хуваалцъя. Германы алдарт хөгжмийн зохиолч Иоханн Себастьян Бах (1685-1750) бол хөгжмийн, урлагийн түүхэнд нэрээ тодоор үлдээсэн хүн. Тэрээр зургаан хүүтэй байсан бөгөөд дөрөв нь хөгжмийн зохиолч болж эцгийнхээ амьдралаа зориулсан талбарт өөрсдийгөө зориулсан байдаг бол 200 гаруй жилийн хугацаанд Бахын гэр бүлийн 50 гаруй гишүүн дуу хөгжимтэй амьдралаа холбосон байдаг аж.
Сонирхол гэдэг зүйлийн үүсэл гарал, бүтэц болон үйл ажиллагааг онцлог шинж гэх хандлагаар дамжуулан ойлгож болно. Харин төлөв байдал гэсэн өнцгөөр тухайн сонирхолтой холбогдон үүсэж буй туршлага, цаашдын хөгжлийг илүү нарийн ойлгох боломжтой.
Сонирхол бол
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс эрдэмтэд сонирхол гэж юу болох талаар олон жилийн турш судалсаар байна. Бид судлаачдын гаргасан дүгнэлтийг дараах зургаан чиглэлд нэгтгэн тодорхойлж болно.
Сонирхол ба ажил мэргэжил
Хүмүүс бидний ажил мэргэжлийн сонголт хувийн сонирхолтой дараах байдлаар холбогдоно.
Хэрэв хүн хийж байгаа зүйлдээ дуртай байвал оюун санаа болон бие махбодын хувьд ажилтайгаа илүү холбогддог. Үүнийг дагаад амьдралаас авах сэтгэл ханамж нэмэгдэнэ, ажлын гүйцэтгэл сайжирна. Амжилт олоход тийм ч их хүндрэл учрахгүй гэсэн үг. Түүнчлэн ажлын талбарт ямар үйлдэл гаргах хандлагатай байх нь ч сонирхлоос хамаарна.
Ажил мэргэжил бүр өөрсдийн гэсэн онцлог бүхий олон даалгавраас бүрддэг. Жишээ болгон эмч мэргэжлийг авч үзэхэд өвчтөнүүдээ эмчлэхээс гадна судалгаа хийх, хуралд илтгэл тавих, ээлжийн үзлэг хийх, тайлан бичих гэх зэрэг олон даалгавар гүйцэтгэдэг аж. Энэ бүхэнд таны сонирхол нийцэх эсэхийг сайтар судалсны үндсэн дээр л мэдэх боломжтой юм.
Хүмүүс өөрийгөө сонирхолтой зүйлээ хийж байвал ядрахгүй, илүү урам зоригтой хийнэ гэж боддог. Энэ үнэн. Гэхдээ сонирхол гэдэг нь таныг зөвхөн ядраахгүй байх л үүрэгтэй зүйл биш юм. Сонирхол танд ажлаа хийх хүч өгөөд зогсохгүй, аливаа талбарт шинэ мэдлэг олж авах, шинэ чадваруудад суралцах урам зориг, ирээдүйн зорилгоо тодорхойлоход чиглүүлэг болдог.
Бас нэг зүйл дурдахад, хүн өөрийнхөө хийж чадна, хийж чаддаг гэж бодсон тэр талбаруудад илүү сонирхол татагддаг байна. Та өөрийнхөө юу хийж чадах, бас чадахгүй талаар шинэ ажил, үйл ажиллагааг туршиж үзэх тутамдаа улам ихийг олж мэдэж, өөрийгөө нээн илрүүлэх болно. Үүнийг дагаад таны сонирхол улам батжиж бас илүү нарийн тодорхой болох боломжтой. Иймд та ЕБС, МСҮТ-эд сурч байх үедээ өөрийнхөө сонирхож буй мэргэжлийн хүрээг хэт нарийн тодорхойлохоос зайлсхийгээрэй. Оронд нь аль болох ерөнхий салбарыг сонгож аваад, тухайн чиглэлээрээ суралцаж, үйл ажиллагаа гүйцэтгэж үзээд сонирхлынхоо талаар илүү мэдлэгтэй болсныхоо дараагаар илүү нарийн салбаруудын аль руу нь мэргэшиж орохоо сонгох нь оновчтой байх болно.
Сонирхлоо тодорхойлох нь ямар ажил мэргэжлийн ямар чиг үүргүүдийг гүйцэтгэхэд тохиромжтойг харуулахаас гадна ирээдүйн карьерыг зураглахад чухал ач холбогдолтой.
Мэргэжил сонголт
Хүн ямар нэг мэргэжлийг сонгох, эс сонгоход цалин урамшуулал, ажлын байрны олдоц, ашиг тус, гэр бүлийнхэн болон бусад олон хүчин зүйл нөлөөлдөг. Хөдөлмөрийн зах зээл, цаг үеийн хандлага, технологийн өөрчлөлт гээд нэмж дурдвал биднээс үл хамаарах зүйлс ч их бий. Гэхдээ хүний хувийн сонирхол энд дурдсан бүхнээс ач холбогдол, нөлөөллийн хувьд огт дутахгүй. 2001 онд хийгдсэн нэгэн судалгаагаар хүнд сонирхлынх нь дагуу ажил санал болгох үед зөвшөөрөх магадлал өндөр байдгийг олж тогтоож байсан удаатай юм.
Хэдийгээр хүмүүс бид ямар нэг байдлаар сонирхлоо дагахыг хичээдэг боловч тодорхой хугацаанд ажиллаж үзсэний дараа л өөртөө тохирох эсэхийг, сонирхлынхоо үнэлэмжийг оновчтой байсан эсэхийг олж мэддэг.
Урам зориг
Ямар нэг үйлдлийг урт хугацаанд давтан хийхийн тулд шийдэмгий байдал, эрч хүч болон тэвчээр заавал хэрэгтэй. Бидний ажил мэргэжилд сонирхлоос болж шууд тусгалаа олдог бас нэг зүйл бол урам зориг юм. Юуны өмнө хүн ямар нэг үүрэг даалгавар гүйцэтгэхийн тулд түүндээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Хэрэв сонирхол давхцаж байвал анхаарлаа хандуулахад хялбар төдийгүй удаан төвлөрч чадах юм. Энэ байдал тогтвортой үргэлжилбэл та тухайн ажилд хичээл зүтгэл гаргаж, тууштай байх боломжтой гэсэн үг.
Ажлын мэдлэг
Хүн бүр суралцах, гүйцэтгэх тал дээр өөрийн онцлог бүхий ухаантай төрдөг. Зарим эрдэмтдийн үздэгээр тэрхүү ухаанд суурилж тодорхой мэдлэг, чадварыг хөгжүүлдэг байна. Хүмүүс бид аливаа ажил мэргэжлийн талаарх мэдлэгийг бүтээхийн тулд цаг хугацаа, хичээл зүтгэл заавал зориулах хэрэгтэй болдог. Машин засварчин л гэхэд машины эд анги задалж, чөлөөт цагаараа машины талаар уншиж судлах зэргээр энэхүү мэдлэгийг бүтээнэ. Хэрэв тэрхүү засварчин ажилдаа үнэхээр их сонирхолтой, дуртай бол хэрэгтэй мэдлэгээ харьцангуй хурдан бас оновчтой бүтээж чадах ажээ.
Ажлын гүйцэтгэл
Ямар нэг зүйлийг юу болохыг мэддэг байх, яаж хийж гүйцэтгэхээ мэддэг байхаас гадна хийх урам зоригтой байх нь амжилтыг бүхэлд нь тодорхойлно гэж үздэг. Таны сургуульдаа, цаашлаад ажилдаа хэр амжилттай байх нь таны сонирхлоос ихээхэн хамааралтай. Яагаад гэвэл зан чанар, танин мэдэх чадвар болон сонирхлоор дамжуулж хүмүүс бид мэдлэгийг бүтээх ба урам зориг олж авдаг билээ.
Сэтгэл ханамж
Сонирхож байгаа зүйлээ хийж байгаа хүн ажилдаа сэтгэл хангалуун байх нь мэдээж. Өөртөө тохирсон мэргэжлээр, сонирхлынхоо дагуу ажиллаж байгаа хүн албан (ажлын гүйцэтгэл, амжилт) болон албан бус (сэтгэл ханамж, эерэг хандлага) байдлаар үр шимийг нь хүртдэг.
Карьерын амжилт
Ажилтайгаа холбоотой туршлага хуримтлуулах явцдаа олж авах сэтгэлзүйн ба ажилтай хамаатай үр шимийг карьерын амжилт гэж тодорхойлдог. Тушаал дэвших, цалингаа нэмүүлэх зэрэг ил мэдэгдэх зүйлсээр үүнийг хэмжиж болно. Түүнчлэн өдөр тутмын ажил, үүрэг хариуцлагадаа сэтгэл ханамжтай байх гэх мэт хүн өөрөө хэмжих дотоод хүчин зүйлс ч үүн дээр нэмэгдэнэ.
Үнэт зүйл
Үнэт зүйл гэдэг бол таны хувьд юу чухал болохыг илтгэх ойлголт юм. Сонирхол, үнэт зүйл хоёр нэг талаараа ижилхэн. Аль аль нь юмс, үйл ажиллагааг харьцуулж, үнэлдэг. Танд сагсан бөмбөг, компьютер тоглоом хоёрын аль нэг нь илүү сонирхолтой санагдана. Мөнгө олох, найзуудтайгаа ойр байх хоёрын аль нэг нь илүү чухал байж болно. Гэхдээ танд сонирхолтой санагдаж байгаа зүйл чухал гэж тооцогдох албагүй. Танд кино үзэх, ном унших хоёрын кино үзэх нь сонирхолтой санагдаж байгаа ч гэлээ ном унших нь илүү чухал гэх бодол хажуугаар нь төрж байж болно шүү дээ! Ийм учраас үнэт зүйл, сонирхол хоёрыг хольж болдоггүй.
Энэ хоёрыг хольж болохгүй бас нэг шалтгаан бий. Сагив хэмээх эрдэмтэн 2002 онд хийсэн судалгааныхаа үр дүнд хүний сонирхол тухайн хүний чадвартай нарийн уялдаатай байдаг, харин хүний үнэт зүйл бол чадваруудтай нь холбоотой байх албагүй гэдгийг харуулжээ. Таны хувьд мөнгө олох нь чухал байж болно, гэр бүл эсвэл найз нөхдийнхөө дунд хүндлэгдэх нэр хүндтэй мэргэжил сонгох нь чухал байж болно. Аливаа ажил, мэргэжлийг дагах эерэг үр дагаврууд танд сайхан санагдаж байж болох ч тэр нь тухайн ажил танд сонирхолтой санагдана гэсэн үг биш болохыг анхаарч үзэх нь зөв.
Гэхдээ энэ нь үнэт зүйлээ тоолгүй орхи гэсэн үг биш. Ирээдүйн карьер, ажил мэргэжлээ сонгохдоо үнэт зүйлээ харгалзуулан эргэцүүлэх хэрэгтэй. Ажил мэргэжил сонгох, зөвлөх чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд энэ тал дээр онцгойлон зөвлөдөг юм.
Хэрхэн үнэт зүйлсээ олж тогтоох вэ?
Үнэт зүйлс амьдралд байнга илэрч байдаг хэдий ч бидний нэг хэсэг гэсэн үүднээс төдийлөн онцгойрч ажиглагдаад байдаггүй. Үүнийг олж тогтооё гэвэл хэнтэй цагийг хамгийн их өнгөрүүлж байгаа, ямар эд зүйлс цуглуулдгаа, цаг болон мөнгөө яаж зарцуулж байгаа, хүмүүстэй хэрхэн харилцаж байгаа зэргээ та ажиглаад үзээрэй. Хэрэв та бүтээлч байхыг үнэлдэг, эрхэмлэдэг бол ямар нэг шинэ, ер бусын зүйл хийж бүтээдэг үйл ажиллагаанд их оролцдог байж таарна. Мөн та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг эрхэмлэдэг хүн бол найз нөхөд тань нийгмийн асуудлуудыг шүүмжлэхээс буцдаггүй хүмүүс байх магадлал өндөр. Нийгэмд эзлэх байр суурь, бусдад сайхан харагдах нь танд чухал санагддаг бол гадаад ертөнцөд өөрийгөө харуулах машин, хувцас зэрэг эд зүйлс авахад хэзээ ч гар татахгүй гэсэн үг.
Одоо таны амьдралыг өдийг хүртэл чиглүүлсэн, магадгүй цаашид ч чиглүүлэх үнэт зүйлсийг тодорхойлцгооё.
Хувийн үнэт зүйлс
Таны амьдралдаа баримталдаг зарчмууд, биеэ авч явахад чиглүүлдэг үнэт зүйлс үүнд багтана. Жишээлбэл, нөхөрлөл, хүндлэл, аюулгүй байдал, сурах, үнэнч байх, уламжлал, бүтээлч байдал гэх мэт.
Нийгмийн үнэт зүйлс
Хүмүүс, нийгэм болон соёлтой холбоотой сонголтыг чиглүүлдэг үнэт зүйлс хамаарна. Тухайлбал, шударга ёс, эрх чөлөө, гэр бүл, эрх мэдэл, эх оронч байдал гэх мэт.
Амжилтын үнэт зүйлс
Нэр алдартай болох, түүхэнд нэрээ үлдээх, аз жаргалтай байх, баян болох зэрэг танд урам зориг өгдөг, таныг хөдөлгөдөг хүчин зүйлс бол амжилтын үнэт зүйлс юм.
Бодит үнэт зүйлс
Адал явдал туулах, урлаг бүтээх, хуримтлал үүсгэх, энгийн амьдрах, байгаль, тухтай амьдрах гээд таны амьдралд бодитоор нөлөөлдөг, сонголт хийхдээ бодож эргэцүүлдэг зүйлс үүнд багтана.
Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд сонирхол болон үнэт зүйлсийн тухай мэдээг хүргэлээ. Сонирхлоо ойлгож мэргэжлээ сонгох нь таны ирээдүйн ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамж, амжилтад нөлөөлөөд зогсохгүй тухайн талбарт өөрийгөө хөгжүүлэхэд асар их түлхэц болно. Үүний хажуугаар үнэт зүйлс буюу таны хувьд чухал санагддаг зүйлс мэргэжлээ сонгоход ач холбогдолтойг мартаж болохгүй.