Дэлхий нийтэд хэдэн мянган ажил мэргэжил бий. Мөн энэ тоо байнга өөрчлөгдөж шинээр мэргэжил, ажлын байрууд үүсч нэмэгдэж байгаа ч үүнтэй адил зарим мэргэжлүүд үгүй болсоор байна. Үүн дундаас өөрийн насан туршийн карьер болох мэргэжлээ хэрхэн зөв сонгох нь амархан зүйл биш юм. Мэргэжлээ зөв сонгох нь таны аз жаргалтай, амжилттай амьдралын үндэс билээ. Хэрвээ та яах учраа мэдэхгүй, гацсан, мөн олон сонголтууд дунд төөрч зөв шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Та өөрөө өөртэй цаг гаргаснаар зөв сонголтоо хийх боломжийг тань нэмэгдүүлэх болно.
Өөрийгөө таньж мэдэх - Өөртөө тохирсон зөв карьер сонгохоосоо өмнө, өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. Таны үнэ цэнэ, сонирхол, чадвар болон авъяасууд зэрэг нийлж бие хүний онцлог шинжийг тодорхойлдог. Өөрийгөө үнэлж болох арга хэрэгслүүдийг ашигла, үүнийг ихэнхидээ карьер тест гэж нэрлэдэг. Үүгээр таны зан чанарт хамгийн сайн тохирох мэргэжлүүдийг мэдэж болно.
Өөрт тохирох мэргэжлүүдийн жагсаалт гарга - Хэрвээ та өөрт тохирох мэргэжлүүдээ тестээр оношлуулж мэдсэн бол таны зан төлөвт нийцтэй хэд хэдэн мэргэжлээ олж мэдсэн байгаа. Тухайн мэргэжлүүдээ өөрийн сонирхол, зорилго, хүсэл мөрөөдөлтэйгээ уялдуулан жагсааж бичээрэй.
Мэдээлэл цуглуулах - Өөрт тохирох мэргэжлүүдийн жагсаалт дээрээсээ сонголт хийж хэд хэдэн мэргэжлийг түүж аваад тухайн мэргэжлээр сурч төгссөн, ажиллаж байгаа хүмүүстэй очиж ярилцаарай. Ингэснээр та цаашдаа юуг илүү анхаарч судлах хэрэгтэй болон юун дээр алдаа гаргаж магадгүй гэх зэргийг сайн мэддэг болно. Мөн тухайн мэргэжлээр цаашид ажиллахад ямар санагдаж байна гэдгээ мэдсэнээр сонголт хийхэд тань улам дөхөм болох юм.
Сонголтоо хийх - Таны хийсэн бүх судалгааны дараа та зөв гэж бодсон нэг мэргэжлийг сонгосон бол тухайн мэргэжлийн хүн аль хэдийн болчихсон мэт бодож, сэтгэдэг болох нь чухал юм. Учир нь маш олон хүмүүс сонголтоо хийснийхээ дараа олон шалтгаанаас болоод эцсийн мөчид өөрчилчихдөг. Тэгэхгүйн тулд яг тэр мэргэжлээр л цаашид ажиллана гэсэн баталгаа өөртөө бий болгох хэрэгтэй гэдгээ санаарай.
Зорилгоо тодорхойлох - Шийдвэрээ гаргасан бол одоо богино болон урт хугацааны зорилгуудаа гаргана. Урт хугацааны зорилгоо 3 аас 5 жилийн дараа биелэчихсэн байхаар, харин богино хугацааны зорилгоо хагас жилээс 3 жилийн хооронд гаргавал зохимжтой. Зорилгодоо таны сонгосон мэргэжилд таниас ямар чадвар, мэдлэг шаардаж байна, түүнийг бий болгоход юунд суралцах болон өөрийгөө өсөн нэмэгдүүлэх зорилгуудаа гаргаарай.
Үйл явцын төлөвлөгөө гаргах - Өөрийнхөө тодорхойлсон зорилгуудаа гүйцэлдүүлэхийн тулд хийгдэх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргаарай. Төлөвлөгөө гаргах нь маш чухал гэдгийг санаарай.
Эх сурвалж: https://cdc.unitedconsulting.mn/