• info@eec.mn
  • +976 70119498

Сурагч

хоёр.Өөрийгөө таньж мэдэх нь

2023 оны байдлаар 140 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үнэлэгдсэн Илон Маск бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Тэрбээр хамгийн шилдэг бизнесменүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харин одоогоос 7 жилийн өмнө усан спортоос зодог тайлсан Майкл Фелпс бол олимпын наадмаас 28 медаль хүртсэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг билээ. Илон Маск усанд сэлж чаддаг байх. Гэхдээ 2012 онд Лондон хотноо болсон Олимпын наадмын 200 метрийн ганцаарчилсан сэлэлтийн уралдааныг 1 минут 54 секунд 27 долийн амжилтаар дуусгаж чадах байсан болов уу? Харин хувийн сахилга бат, хичээл зүтгэлээрээ гайхагдсан Майкл Фелпс маань “Tesla”, “SpaceX”, “Neuralink” болон “The Boring Company” гэсэн мэдээллийн технологи, сансрын технологи, машин механизмын чиглэлийн дөрөв, нэмэлт долоон компанийг амжилттай удирдаж одоогийн түвшинд нь хүргэж чадах байсан болов уу?

Бидний ялгаа

Хариулт бол 99.99% үгүй. Учир нь, хүн бүр өөрийн гэсэн төрөлхийн онцлогтой байдаг. Хүмүүс бид үүгээр зогсохгүй харагдах байдал, зан төлөв, оюун ухаан болон танин мэдэхүйн чадварын хувьд бас ялгаатай. Оюуны чадамж, зан төлөв зэрэг нь таны төрөлхийн онцлог болон, төрснөөсөө хойш суралцсан, дассан зүйлсийн аль альтай нь холбоотой байдаг учраас тийм ч амархан өөрчлөгддөггүй аж. Зарим хүн хүмүүстэй хамтарч ажиллахдаа илүү сайн байдаг бол ганцаараа төвлөрч сууж юм хийхдээ илүү сайн хүмүүс ч байна. Энэ бол зан төлөвтэй холбоотой онцлогийн нэг жишээ юм. 

Биеийн идэвхтэй хөдөлгөөн шаардсан төрөл бүрийн спортын үйл ажиллагаанд сонирхолтой, харваас “тамирчин” гэмээр хүмүүс байхад аливаа юмсын талаар төсөөлөн бодох, тунгаан бодох сонирхолтой хүмүүс ч бий. Үүнээс харвал хүмүүс өөр өөр сонирхолтой байдаг. Зарим хүний хувьд мөнгө олох нь хамгийн чухал бол заримд нь өөрийгөө уйдаахгүй ажил л хамгийн чухал зүйл. Гэтэл бүр мөнгө олох болон өөрт нь сонирхолтой санагдах эсэхэд ач холбогдол өгдөггүй, нийгэмдээ хувь нэмэр оруулах явдлыг нэгдүгээрт тавьдаг хүн ч байж болно. Тийм ээ, бид үнэт зүйлээрээ буюу амьдралдаа юуг илүү чухалчилдгаараа бас ялгардаг.

Авьяас чадвар, сонирхол бас үнэт зүйл

Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө сайн хийж чаддаг, өөртөө эвтэй санагддаг зүйлсэд илүү сонирхол татагддаг. Тухайлбал, тоон мэдээлэлтэй сайн ажилладаг хүмүүс математик, санхүү, мэдээллийн технологи, статистикийн чиглэлийн ажлыг илүү сайн гүйцэтгэж чадна. Гэтэл үгэн мэдээллийг илүү сайн боловсруулж чаддаг хүмүүс уран зохиол, хэл шинжлэл, философийн салбарт амжилттай ажиллаж болно. Зарим хүн бол хараа, орон зайн баримжаа сайтай байдаг нь тэднийг архитектор, дизайнерын чиглэлээр ажиллахад нь давуу тал болдог. 

Өөрт тохирсон мэргэжлээ сонгохын тулд та авьяас чадвар, зан төлөв, сонирхол болон үнэт зүйлийн тухай сайтар судлах хэрэгтэй. Өөрийгөө сайтар ойлгоогүйн улмаас Илон Маск шиг олон бизнес амжилттай удирдаж чадах байсан хүн хаа нэгтээ инженерээр ажиллаж, гарамгай зураач болох байсан нэгэн оффист бичиг цаастай зууралдаж амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг нь харамсалтай.

Та ой тогтоолтын арга, техникүүдэд суралцсанаар юмыг илүү сайн тогтоодог болж чадна. Та хараа орон зайн баримжаа шаардсан ажил, даалгавруудыг хийгээд байвал хараа илүү сайн хараа орон зайн баримжаатай болох нь үнэн. Хэрэв аудио ном эсвэл подкаст тогтмол сонсох юм бол сонсголоороо мэдээлэл хүлээн авч, боловсруулахдаа илүү сайжрах нь мэдээж. Гэхдээ хүн бүрд төрөлх өгөгдөл болон багаасаа хийж дассан зүйлстэй нь холбоотойгоор тодорхой давуу тал байдаг. Багадаа ичимхий байсан хүүхэд сэтгүүлчийн ангид сураад өмнө байснаасаа хамаагүй нүүрэмгий болсон байж болно. Гэхдээ л энэ хүн багаасаа нүүрэмгий байж сурсан хүмүүстэй харьцуулахад дуу цөөтэй, биеэ барих нь илүү байх магадлал тун өндөр юм. Үнэт зүйл ч бас хүний амьдралд тохиолдсон янз бүрийн үйл явдлуудаас хамаараад өөрчлөгдөх боломжтой. Энэ бүхнээс дүгнэвэл бид олон зүйлийг хүссэнээрээ өөрчилж чадах ч зарим зүйлсийг өөрчлөхөд сорилттой тулгарах нь ээ.

Бас нэг эрсдэл

Хүмүүс мэргэжил сонгохдоо дээрх олон зүйлийг тооцоолж үзэлгүй ганцхан талд нь ач холбогдол өгөх хандлагатай байдаг. Жишээ нь, “Би математикийн хичээлдээ дуртай болохоор энэ чиглэлийн ажлыг сайн хийж таарна”, ”Би нүүрэмгий учраас хүмүүстэй харилцдаг ажил хийнэ”, “Би найзуудынхаа асуудлыг сонсож, тусалдаг болохоор сэтгэл зүйч хийж чадна” гэх мэтээр бодож шийдвэрээ гаргах нь бий. Энэ бүх тохиолдолд өөрийнхөө нэг л төрлийн зан төлөв, эсвэл зөвхөн сонирхолдоо тулгуурлаад мэргэжлээ сонгох шийдвэр гаргаж байгаа юм. Таны зан төлөвт олон тал, хүсэл сонирхолд тань олон чиглэл бий шүү дээ.

Таны хэр амжилттай байхыг ганцхан зан төлөв эсвэл сонирхол тодорхойлохгүй. Тиймээс нэг талыг хэт барьж шийдвэрээ гаргавал таныг буруу ажлын байр, мэргэжил рүү хөтлөх эрсдэл өндөртэй. Тохиромжгүй мэргэжил сонгоод зогсохгүй тухайн мэргэжлээр бэлтгэгдэхэд зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө алдагдал хүлээнэ гээд л бод. Ийм учраас өөрийнхөө тухай сайн судлахад тодорхой хугацаа, багахан хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйн өөрийнхөө төлөө хийж буй хамгийн зөв алхам болно.

Бяцхан туршилт

Өөрийгөө ойлгох гэдэг нь мэргэжлийн тусламж шаарддаг нарийн цогц үйл ажиллагаа ч гэлээ тантай хамгийн ойр байгаа хүн та өөрөө юм. Тиймээс өнгөрсөн амьдралаа эмх цэгцтэй эргэцүүлж, өдөр тутамдаа хийдэг зүйлсээ нягтлан юунд илүү чадвартай гэдгээ тодорхойлох боломж бий. Та дараах зүйлсийн тухай бодоод, тэмдэглэл хийж үзээрэй.

  1. Ямар хичээлд хамгийн дуртай вэ?
  2. Сургуулийн орчинд хичээлээс өөр юу хийх дуртай вэ? (спорт, урлагийн үйл ажиллагаа эсвэл өөр олон нийтийн ажил байж болно)
  3. Сургуулиас гадуур юу хийх дуртай вэ?
  4. Гэрийнхэн тань таны ямар талыг илүү магтаж, сайшаадаг вэ?
  5. Хэрэв ангийнхаа “хамгийн хамгийн”-ийг тодруулбал танд ямар чадвар бусдаас хамгийн илүү байх вэ? (Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой учраас та өөртөө эргэлзэж байсан ч хамаагүй, танд бусдаас давуу ямар нэг тал байгаа гэдгийг анхаарч үзээрэй)
  6. Найзууд эсвэл үе тэнгийнхэн чинь таны ямар талыг илүү магтдаг вэ?
  7. Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ?

Энэ бүгдийг нэгтгэсэн тэмдэглэлээ харснаар та өөрийн сонирхлын чиглэлээ тодорхой болгохын зэрэгцээ өөрт ямар чадвар илүү өндөр байдгийг харж болно. Бичсэн эерэг талуудаа жагсааж үзээд (1) хүмүүстэй харилцах, (2) хийсвэр зүйлстэй ажиллах, мэдээлэл боловсруулах, (3) эд юмстай харьцах үйл ажиллагааны алинд нь илүү чадвартай болохоо хараарай. Энэ дасгал энгийн боловч таныг өөрийнхөө давуу талын тухай ойлгоход нэг алхам урагшлуулах болно. Та бас найзуудынхаа бичсэн зүйлстэй өөрийнхийгөө харьцуулж үзвэл бусад хүмүүсийнхээс давуу, онцлог ямар чадвар байгааг харах боломжтой. Мөн гэр бүлийнхэн эсвэл багштайгаа энэ тухай ярилцаад үзээрэй.

Төгсгөлд нь

Ажил мэргэжлийн зөвлөх мэргэжилтнүүд хүмүүст өөрийгөө ойлгоход нь туслах зорилгоор төрөл бүрийн зан төлөвийн тестийг хэрэглэдэг. Хүмүүс өөрийгөө үг дуу цөөтэй, эсвэл эрч хүчтэй, сэргэлэн, хүмүүстэй харилцах дуртай, тусч гэх мэтээр тодорхойлж чаддаг. Гэхдээ зан төлөвийн энэ өөр өөр талуудыг бүхлээр нь, эмх цэгцтэй харъя гэвэл зан төлөвийг тодорхойлох сэтгэл зүйн тест ажиллаж үзээрэй. Бид аяныхаа хүрээнд танд зан төлөвийн тест бэлдсэн байгаа. Зан төлөвийн тест маань таны харилцаа болон ажил гүйцэтгэх хэв маягийг тодорхойлж, давуу болон сул талуудыг хэлж өгөх болно.

Энэ долоо хоногийн нийтлэлээр бид та бүхэнд өөрийгөө ойлгох нь мэргэжил сонголтод ямар ач холбогдолтой болох талаар мэдээлэл хүргэлээ. Чадвар болон зан төлөвөө танихад зориулсан жижиг дасгал маань танд тус болсон гэж найдаж байна. Та монголд сэтгэл судлал, карьер зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандан өөрийн танин мэдэхүй болон оюун ухааны чадамжийн талаар илүү дэлгэрэнгүй олж мэдэж болно.

Дараагийн нийтлэлээр бид сонирхол, үнэт зүйлсийн тухай мэдээллийг хүргэнэ.

Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-13
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-13

Suhbat
2023 оны 02 сарын 28
[202.5.198.210]
10.4
Suhbat
2023 оны 02 сарын 28
[202.5.198.210]
10.4
erdenebulgan g b
2023 оны 02 сарын 16
[202.126.89.166]
10
Хажидмаа
2023 оны 02 сарын 14
[103.212.119.204]
97 сургууль 10 е анги уншиж танилцлаа маш их хэрэгтэй мэдээлэл бна
Э.Номин
2023 оны 02 сарын 10
[202.126.89.190]
Энгүүн
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Баянхонгор аймгийн Баацагаан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч мэдэээлэлтэй танилцлаа
Б.Энхбилэг
2023 оны 02 сарын 10
[202.5.199.46]
Зөвлөгөө өгсөнд баярлалаа
Сэ Баянгол 11а
2023 оны 02 сарын 09
[202.126.89.236]
Өөрийгөө сайн судлах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Зөвлөгөө өгсөнд баярлалаа
dd
2023 оны 02 сарын 07
[202.55.188.40]
ff
Сэлэнгэ Б.Билгүүн
2023 оны 02 сарын 06
[202.126.88.213]
heregtei medeelel Baina bayarlalaa
Жаагий
2023 оны 01 сарын 13
[202.131.238.114]
Уг нь хэрэгтэй мэдээлэл байх шиг байна. Уншихад төвөгтэй юм аа
Temka
2023 оны 01 сарын 12
[66.181.178.241]
Unshaad sain oilgovol Sn niitlel bn
Anumergen
2023 оны 01 сарын 12
[66.181.161.40]
saihan zuvlugu b.n