• info@eec.mn
  • +976 70119498

Багш

АМЧБО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАРЫН АВЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮН

Ажил мэргэжлийн сонголт хийх танхимын сургалтын үйл ажиллагаа

Энэхүү гарын авлага нь ахлах ангийн суралцагчдыг сонгон судлах хичээл, хөтөлбөр, МБС, их дээд сургуулийн сонголт болон хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхимын үйл ажиллагааг санал болгож байна. Санал болгож байгаа эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан шийдвэр гаргах эгзэгтэй үед нь суралцагчдад дэмжлэг үзүүлэх, оновчтой сонголт хийх, дараагийн шатны сургалт болон ажил хөдөлмөрийн шилжилт амжилттай хийхэд нь бэлтгэх юм. Хавсралт 6-д ахлах ангийн суралцагчдад тулгардаг нийтлэг асуудал болон түүнийг шийдэхтэй холбоотой зайлшгүй эзэмшсэн байх чадамжийг харууллаа. 

Сургуульд суурилсан арга

ЕБС-ийн ахлах ангид ажил мэргэжлийн чиг баримжааг хэрэгжүүлэхэд сургууль бүр өөрийн гэсэн хөтөлбөр боловсруулах шаардлагатай болох ба энэ хөтөлбөр нь тухайн сургуульд сурдаг суралцагчдын ажил мэргэжлийн хэрэгцээтэй нягт уялдсан байна. Ажил мэргэжлийн чиг баримжааг системтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Учир нь багш нарын хувьд  энэ нь шинэ концепц учраас энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тэдэнд шинэ чадамж хэрэгтэй болно. Багш нар сургуулийн удирдлагатай хамтран багаар ажиллаж ажил мэргэжлийн чиг баримжааг сургуулийн орчинд болон сургуулиас гадуур хамгийн үр дүнтэй байдлаар хэрхэн хэрэгжүүлж болох талаар хэлэлцэх шаардлагатай. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг төлөвлөхдөө суралцагчийн хэрэгцээ, сургуулийн болон орон нутгийн нөөц боломжийг таньж мэдэх шаардлагатай. 

Ангид суурилсан арга

Энэхүү гарын авлагад санал болгож байгаа сургалтын үйл ажиллагаа нь анги бүрээр, суралцагчийн зайлшгүй шийдэх ёстой асуудал бүрээр, зайлшгүй эзэмших шаардлагатай чадамж бүрийн дагуу боловсруулагдсан болно. Ингэх нь багш нарт гарын авлагыг хэрэглэхэд хялбар байх юм. Энэ хичээлийн жилийн 10 дугаар ангийн суралцагчид 9 дүгээр ангидаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зарим үйл ажиллагаанд хамрагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү гарын авлагын 10 дугаар ангийн зарим дасгалыг 11 дүгээр ангид ашиглаж болно. Иймээс аль дасгалаас эхлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг эхлэх вэ гэдэг нь суралцагчийн хэрэгцээ, өмнөх мэдлэг, чадвараас шалтгаална. 

Өөрийнхөө бүтээлч чанарыг ашиглах

Гэхдээ та өөрөө илүү бүтээлч байж болно. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох анги танхимын болон танхимаас гадуурх олон янзын үйл ажиллагааг хэрэгжүүлж болно. Гарын авлагад хэт баригдах шаардлагагүй. Өөр олон янзын арга, үйл ажиллагааг суралцагчидтайгаа хамтран хэрэгжүүлээд үзээрэй! Хэрэв суралцагчид амжилттай гүйцэтгэж байвал багш, суралцагчдад зориулсан дараагийн түвшний гарын авлага бичихийг эрмэлзээрэй!

Гарын авлагаа суралцагчийн гарын авлага болон бусад эх сурвалжтай уялдуулан хэрэглэх

Энэхүү гарын авлага нь ажил мэргэжлийн чиг баримжааны танхимын үйл ажиллагааны төлөвлөгөөг (зорилго, хүрэх үр дүн, хэрэглэгдэхүүн, сургалтын үйл ажиллагаа болон холбогдох санамж) санал болгож байна. Суралцагчийн гарын авлагад дасгал бүрт шаардлагатай материалыг багтаахыг хичээсэн. Суралцагчид интернет, ном, гарын авлага, мэргэжлийн хүмүүс, ажлын байр гэх мэт бусад эх сурвалжийг ашиглах шаардлагатай болно. Зарим дасгалыг гэрийн даалгавраар гүйцэтгэж болно.  

Ирээдүйгээ төсөөлөх, төлөвлөх

Бид суралцагчдыг ирээдүйгээ бодитоор төсөөлж, төлөвлөхийг хүсдэг. Энэ нь өсвөр насны ямар ч хүүхдэд амар зүйл биш.

Суралцагчид ирээдүйгээ төсөөлж, төлөвлөгөө хийхэд шаардагдах мэдлэг, чадвар

Тэд өөрийнхөө ур чадвар, ажил мэргэжлийн сонирхлоо мэддэг байх хэрэгтэй. Tэдэнд сургалтын төрөл, боломж (өдрийн, оройн, эчнээ, зайны сургалт), ТБМС болон их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга, мэргэжлийн чиглэл, сургалтын хугацаа, зардал, болон тухайн сургалтыг төгссөний дараа ажил хөдөлмөр эрхлэх боломжийн талаар мэдээлэл хэрэгтэй болно. Тэд ажил мэргэжлийн талаар болон ажлын ертөнц, түүнчлэн энэ ажил мэргэжлийг эзэмших сургалтын олон янзын боломжийн талаар мэддэг байх хэрэгтэй. Тэд гаднаас олж авсан мэдээллийг боловсруулж, өөрийнхөө талаарх мэдээлэлтэй (өөрийнх нь талаарх мэдлэг, ойлголт, итгэл, үнэмшил. Гэхдээ энэ мэдлэг, итгэл үнэмшил насанд хүрэхэд ихээхэн өөрчлөгддөг) уялдуулж хэрэглэх хэрэгтэй болно.   

Нийгэм - Эдийн засаг, Газарзүйн хүчин зүйлийн нөлөөлөл

Үүнээс гадна хөндлөнгийн олон хүчин зүйл байна. Тухайлбал гэр бүлийн нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, эцэг эхийн хүлээлт, эцэг эхтэйгээ харилцах харилцаа, гэр бүлийн уламжлал болон газарзүйн байршил зэргийг энд дурдаж болно. 

Бид хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн талаар хязгаарлагдмал мэдлэгтэй

Дээр нь багш, эцэг эхийн ажлын ертөнц, хөдөлмөрийн зах зээл дэх төрөл бүрийн ажил мэргэжил, шинээр бий болж байгаа мэргэжил, идэвхгүй ажил мэргэжлийн талаарх мэдлэг хязгаарлагдмал байдаг.  Бидний мэдлэг хязгаартай! 

Суралцагчид төдийгүй улс орны эдийн засаг, нийгэмд ач холбогдолтой

Ахлах ангийн суралцагчдад илүү ухаалаг шийдвэр гаргах, бодитой сонголт хийхэд туслах ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь суралцагч, эцэг эхэд төдийгүй Монгол улсын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулна. 
 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-1
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-1

П.Буянцэцэг
2021 оны 08 сарын 19
[66.181.161.21]
Баярлалаа