• info@eec.mn
  • +976 70119498

Багш

АМЧБО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАГШИЙН ОРОЛЦОО

Ажил мэргэжлийн чиг баримжаа гэж юу вэ?

Ажил мэргэжлийн чиг баримжаа нь эцэг эх, суралцагчдад ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, мэргэжлийн боловсрол, сургалт (цаашид МБС)-ын байгууллага болон их дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг үйл ажиллагаа юм. 


Бүх төрлийн, бүх түвшний сургалтын үр дүн хөдөлмөрийн зах зээлтэй холбогддог

Ахлах ангид сонгон судалсан хичээл, хөтөлбөр, элсэн суралцсан МБС-ын байгууллага болон их дээд сургууль нь тухайн иргэнийг хөдөлмөрийн зах зээлд эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхлэх боломж олгодог. Гэхдээ МБС эсвэл их дээд сургууль төгссөний дараа хөдөлмөрийн зах зээлд ажлын боломж байхгүйгээс болж ажилгүй байх эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ бус өөр чиглэлээр (жишээ нь багшийн мэргэжлээр их дээд сургууль төгсөөд худалдагч хийх) ажиллах нөхцөлтэй тулгарах тохиолдол цөөнгүй байна.   

Ажил мэргэжлийн ухаалаг шийдвэр гаргахын ач холбогдол

Ингэж их зүтгэл гаргаж, хөрөнгө мөнгө зарцуулсны дараа ажилгүй байх нь эцэг эх, залуучуудад их дарамттай байдаг. Тэгвэл ерөнхий боловсролын сургууль (цаашид ЕБС)-ийн ажил мэргэжлийн чиг баримжаа нь суралцагчид, тэдний эцэг эхэд хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодит нөхцөлд нийцсэн ухаалаг шийдвэр гаргахад тусалж, ийм дарамт, бэрхшээлтэй тулгарахаас сэргийлнэ.  

Суралцагчдын шийдвэр гаргах чадамж харилцан адилгүй

ЕБС-д ажил мэргэжлийн чиг баримжаа хэрэгжүүлэх өөр нэг шалтгаан байдаг. Та сургуульд багшаар ажиллаж байсан туршлагаасаа суралцагчид эзэмшсэн чадвар, сурлагын амжилт, нийгмийн, сэтгэл хөдлөлийн болон биеийн хөгжлийн хурдаараа, түүнчлэн ажил мэргэжлийн сонголт, ямар хичээл, хөтөлбөр энэ ажил мэргэжлийг эзэмших боломж олгох вэ гэдэг ойлголтоороо  харилцан адилгүй байдаг гэдгийг мэддэг болсон байх. Үнэндээ суралцагч гэлтгүй бүх хүн ур чадвар, ажлын гүйцэтгэл болон шийдвэр гаргахдаа өөр хоорондоо ялгаатай байдаг. Энэ ялгааг харгалзаж, хүмүүст ухаалаг шийдвэр гаргахад туслах, бэлтгэх явдал боловсролын нэг үүрэг юм. Математикийн сургалт сайн байвал энэ шинжлэх ухааныг илүү сайн сурах боломжтой байдгийн адилаар ажил мэргэжлийн талаар илүү сайн мэдээлэлтэй, туршлагатай байвал оновчтой, ухаалаг шийдвэр гаргаж чадна. 

Хүйсийн ялгаа

Хөвгүүдтэй харьцуулахад охид ажил мэргэжлийн тал дээр илүү сайн төлөвшсөн байдаг гэдгийг санах хэрэгтэй. Охид ажил мэргэжлийн сонголтоо хөвгүүдээс арай эрт хийж, энэ сонголтондоо их баригдах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тэд ажил мэргэжлийн сонголтоо эргэн харж, өөрчлөх, илүү өөр олон боломжийг судлах тал дээр хязгаарлагдмал байдаг гэсэн үг. Тиймээс охидыг ажил мэргэжлийн сонголт хийхэд эртнээс дэмжиж, сонголтондоо нээлттэй хандахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. 

Сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг бол суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх

Суралцагчдын ажил мэргэжлийн урт хугацааны шийдвэр гаргах, түүний дагуу төлөвлөлт хийх чадамжийг хөгжүүлэхийн тулд ажил мэргэжлийн чиг баримжааг чанартай хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ ажил мэргэжлийн чиг баримжаа нь зөвхөн суралцагчдад төдийгүй багш нарт ч гэсэн шинэ концепц. Учир нь багш таныг суралцагч эсвэл оюутан байхад ажил мэргэжлийн чиг баримжааны талаар яригддаггүй байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Зарим багш нар багшаас өөр мэргэжил эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлэх байж дээ гэж ярилцдаг. Гэхдээ тэдэнд ийм боломж хараахан байгаагүй. Тэднийг суралцагч эсвэл оюутан байх үед ажил мэргэжилтэй холбоотой мэдээллийг цаг тухайд өгдөггүй байсан! Харин одоо багш, сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг бол хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэ залуу үеийг бэлтгэх явдал юм. Ахлах ангийн сонгон судлах хичээл, хөтөлбөр, МБС, их дээд сургууль болон хөдөлмөрийн зах зээлийн талаар илүү их мэдээлэлтэй байх тусам Монгол Улсын иргэд илүү идэвхтэй, эдийн засгийн хувьд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ
 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-0
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-0